Our Blog

2020-06-11 / Travel blog,

#7 - Англи хэл сурах нь / Learning English /

#7 - Англи хэл сурах нь       / Learning English /

Хамгийн анх хэлтэй бол хөлтэй гэдэг зүйр үгийг сонсоод л нэг их гадаад улсад явах хүсэл төрж англи хэл л сурах ёстой юм байна гэж бодож билээ. Бусад хүмүүсийн адилаар 10 жилээсээ англи хэл сурч эхэлсэн ч их сургуулиа төгсөтлөө англи хэлний албан ёсны өндөр оноо авах хэмжээнд сураагүй л байлаа. Гэхдээ өөрөө дуртай сонирхолтой юм болохоороо мэрийлт гаргаж сурсаар өнөөдөр англи хэл дээр санхүү татварын чиглэлээр Солонгосын топ 3 сургуулийн нэгд нь 100 хувийн тэтгэлэгтэйгээр мастерийн зэрэг хамгаалах хэмжээнд хүрчээ. Мэдээж хэрэг яг таг заагаад тавьчихсан арга гэж байхгүй бүгд л өөрийн мэрийлт чармайлт, цаг зарцуулалт, хүсэл тэмүүлэл ард нь байгаа. Ах маань сурч байгаа л бол чаддаг ч биш чаддаггүй  биш хоёрын хооронд бус маш чанартай сурах хэрэгтэй гэж зөвлөж байсан нь санаанаас гардаггүй юм. 

Англи хэл сурсан туршлагаас: 

Миний хувьд IELTS-н оноо авахаар зорьж шалгалтанд бэлдэж байсан бөгөөд та бүхэн шалгалт өгөхөөр бэлдэж байна уу аль эсвэл өдөр тутамдаа хэрэглэхээр бэлдэж байна уу гэдгээ тодорхойлоорой.

1. Сургалтын төв: Үүнтэй холбоотой хүн хүний үзэл бодол өөр байх. Миний хувьд 15 жилийн хугацаанд төлбөргүйгээр ба төлбөртэйгээр 3 удаа англи хэлний богино болон урт хугацааны сургалтанд (Монголдоо л гайгүйд тооцогддог Santis, Jet, Absolute) суусан бөгөөд эндээс олж авсан мэдлэг бол дүрмийн эмх цэгцтэй мэдлэг, анги хэний шалгалтуудын талаарх ойлголт,  болон ямар олон хүмүүс яаж мэрийлт гаргаж ямар зорилготой сурч байна вэ гэдгийг ойлгож авсан юм. 

2. Сонсголын дасгал: Мэдээж хэрэг англи хэл дээрх дуунууд хамгийн анх Green day, Linkin Park, West life, Britney Spears гээд л тэр үедээ од болж байсан дуунуудын үгийг сонсож бичээд дагаж дуулдаг байлаа. Кино үзээд сонсож ойлгох хүндрэлтэй байсан тул хадмал орчуулгатай үзэх нь нэмэр болж байв. 

3. Бичих дасгал: Зохион бичлэг хийх, англи хэл дээр өдрийн тэмдэглэл хөтлөх, тухайн өдрийн төлөвлөгөөгөө англи хэл дээр бичих зэрэг нь бага ч болов нэмэр болж байсан. Мэргэжлийн чиглэлийн том номыг уншиж ойлгоход хэцүү үед дэмий цаг үрж суухаар гээд тухайн сэдвийнхээ хэсгийг хуулж бичсэн нь гар зүгшрүүлэх мөн ойлгох маш сайн дасгал болсон байсныг ойлгосон. 

4. Унших дасгал: Мэдээж маш их унших. Сонин, ном, сэтгүүл, хаяг реклам англи хэл дээр уншиж болох юу л байна бүгдийг унших тэр дор нь орчуулж ойлгох чухал. Ойлгохгүй байсан ч хамаагүй тасралтгүй уншаад л байх хэрэгтэй нэг л мэдэхэд ойлгодог болсон байна. Ойлгохын тулд та өөрөө ч мэрийлт гаргадаг болсон байх болно. 

5. Интернэт: BBC, CNN, NYTimes, NHK, Arirang news, National Geographic, China news зэрэг дэлхийн том том мэдээний сайтыг унших нь дэлхий дээр юу болж байгааг мэдэх, ойлгохын тулд орчуулах нь хэл сурахад олон талын мэдлэг олгохоос гадна үгийн сан, дүрэм, сонсгол зэрэг бүх дасгалыг нэг дор хийх боломж огодог. Интернэтээр үнэгүй жишиг шалгалт ажиллах боломжтой байдаг. Энэ нь цаг хуваарилалт шалгалтын бүтэц зэргийг ойлгоход тус болно. 

6. Сошиал нэтворк: Дээрх мэдээний албан ёсны хуудсуудыг дагаснаар өдөр бүр нүдэнд тань англи хэл дээр мэдээ гарч ирнэ. Коммэнт бичих, чатлах, унших нь мөн л нэгэн дасгал дадлага болно. 

7. Мэргэжлийн түвшинд бэлдэхдээ сэдэв сонгоод тухайн сэдвээр хийсэн судалгааны ажлуудыг үнэгүй татаж болдог олон улсын судалгааны сангаас татаж аваад уншаад дараа нь 1-ээс 2 нүүрэнд багтаан өөрийн ойлгосон зүйлээ буцаан бичих нь маш том дадлага болдог. Өдөр бүр чаддаггүй юмаа гэхэд 3 хоногт 1 удаа, 5 хоногт 1 удаа бүр байя гэхэд 7 хоногт 1 удаа 6 сарын турш бичихэд ямар өөрчлөлт гарсан нь эрс мэдэгдэх болно. Тухайн сэдвийн чиглэлээр мэдлэгтэй болоод зогсохгүй бичих, унших, дүрмийн дасгалыг нэг дор хийж байна гэсэн үг. 

8. Флаш карт, ханандаа үг бичин наах зэрэг миний өмнөх пост буюу http://tabitourmongolia.com/post/38307  (Япон хэл бие даан сурсан туршлага) энэ нийтлэл дээрх аргуудыг ч мөн ашигласан болно. 

9. Хотын төв номын санд явагддаг байсан Free speaking club-т Пүрэв гариг бүрийн 18 цагт очиж оролцдог байсан. Тухайн үедээ ойлгож ярилцаж чаддаггүй байсан ч native speaker-г сонсож ойлгоход тус болсон гэдэгт итгэлтэй байна. 

10. Боловсролын зөвлөгөө мэдээллийн төвд англи хэлний бүхий л төрлийн шалгалтын номнууд байдаг ба сард нэг удаа тоефл-н жишиг шалгалт (тухайн үед 5000₮ байсан) авдаг байсан нь шалгалтын талаар ойлголттой болоход маш их тус болсон. Мөн үнэгүй ярианы клубт элсэн оролцдог байсан юм. (Веб хуудас: https://www.earcmn.org/ )

Нэг гадаад хэл сурснаар тухайн хэл дээрх бүх мэдээллийг өөрөө олж мэдэх чадвартай болно. Дэлхий дээрх 7 тэр бум хүний 1.5 тэр бум хүн англи хэлээр ярьдаг бөгөөд тэр бүгдтэй та ойлголцох чадвартай болно гээд бодоод үздээ гайхалтай биш гэж үү? Мөн шинжлэх ухааны том том нээлтүүд хамгийн түрүүнд англи хэл дээр нийтлэгддэг түүнийг ч та ойлгох чадвартай болно. Мэдээж хэрэг таны орлого ч гэсэн нэмэгдэх болно. Унаган хэл биш учраас саад бэрхшээл гарах л болно гэхдээ тэр бүхнийг даван туулах нь танд өөр нэг сайхан мэдрэмж төрүүлэх болно. Гадаад хэл сурах гэдэг нь миний бодлоор хувь хүний сахилга бат, тэвчээр, уйгагүй байдалтай салшгүй холбоотой. Өөрийгөө байнга сорьж байх нь амьпралыг илүү сонирхолтой болгодоггүй гэж үү? 

~~~~~Цагаа зарцуулаад сурах гэж хичээж байгаа бол өөртөө үнэнчээр суралцаж, үнэ цэнэтэй цагаа үр ашигтай зарцуулаарай~~~~