Our Blog
2020-01-24 / Travel blog,
#1 - Япон хэл сурах нь / Learning Japanese /

Япон улсад ажиллаж амьдрахын тулд Япон хэл сурсан байх шаардлагатай. / In order to live and work in Japan it is mandatory to study Japanese. /
Мэдээж хэрэг усыг нь уувал ёсыг нь дагана. Маш их мөнгөтэй хүн л биш бол энд амьдрахаар бол ажил хийх шаардлагатай харин Япон хэлгүйгээр Японд амьдрах хүнд байх болно. Япон хэлний түвшин тогтоох шалгалтын тухай товчхондоо: N1, N2, N3, N4, N5 гэсэн 5 түвшинтэй бөгөөд N1 нь хамгийн хүнд, N5 нь хамгийн хөнгөн юм. Түвшин тус бүрт эзэмсэн байх чадварыг ерөнхийд нь тодорхойлбол:
- N1 – Нийгмийн өргөн хүрээнд хэрэглэдэг Япон хэлийг бүрэн ойлгох чадвар /
- N2 – Нийгмийн өргөн хүрээнд хэрэглэдэг Япон хэлийг тодорхой хэмжээнд ойлгох чадвар
- N3 – Өдөр тутмын хэрэглээний Япон хэлийг тодорхой түвшинд ойлгох чадвар
- N4 – Анхан шатны Япон хэлийг ойлгох чадвар
- N5 – Анхан шатны Япон хэлийг тодорхой хэмжээнд ойлгох чадвар
Шалгалтын бүтэц: Анхан шатны N4, N5 түвшинд 1. Хэлний мэдлэг (Үгийн сан-Дүрэм, Унших чадвар), 2.Сонсгох чадварыг шалгах хэсэгтэй. Дунд, гүнзгий шатны N1, N2, N3 түвшний шалгалт нь 1. Хэлний мэдлэг (Үгийн сан-Дүрэм), 2. Унших чадвар, 3.Сонсгох чадварыг шалгах хэсгээс бүтдэг. Уг шалгалт нь жилд хоёр удаа буюу 7 болон 12 сарын эхний долоо хоногийн Ням гарагт авдаг. Харин бүртгэл 4 сар болон 9 сарын эхний долоо хоногт онлайнаар болдог харин Монголд Монгол-Японы Төв дээр болдог бөгөөд өдөр тутмын сонинд бүртгэл явагдах өдрийн тов нийтлэгддэг. Бүрдүүлэх материалын жагсаалт байдаг ба тухайн JLPT-н сайт руу орон мэдэж авах боломжтой. Шалгалт өгөхөөр ирэхдээ балын харандаа, баллуур, хамгийн чухал нь иргэний үнэмлэх болон өргөдлийн маягтын 1 хувиа авч ирэхээ мартуузай. Хэдэн оноогоор тэнцэх вэ? гэвэл түвшин бүр харилцан адилгүй. Жишээлбэл: N1-100, N2-90, N3-95, N4-90, N5-80 оноогоор тэнцэнэ. Хамгийн дээд боломжит оноо бүх түвшинд 180 байна.
Шалгалтын дүнг шалгалт өгснөөс 1 сар орчмын дараа цахимаар харж болно. Анх бүртгүүлэхдээ цахимаар дүнгээ харахдаа хэрэглэх нууц кодоо маягтанд бөглөдөг. 3 сарын эхээр тэнцсэн бол сертификат, үгүй бол онооны хуудсыг заасан хугацаанд Монгол-Японы Төвөөс очиж авна. Японд бол бүртгүүлсэн хаягаар шуудангаар ирнэ. Боломжтой бол Монголд байх хугацаандаа япон хэлийг сурчихаад японд ирэх нь хамгийн хялбар байх болно. Японд ирэх зорилго нь сурах бус ажиллах бол шүү дээ. Япон улсад ирээд шууд хэлний бэлтгэлд суралцан үргэлжлүүлэн ажиллах боломжтой.
Бие даан япон хэл суралцсан туршлагаас:
Бие даан доорх аргуудыг хэрэглэн суралцаад N3 түвшин авсан бөгөөд хичээл зүтгэл болон цаг зав гаргавал боломжгүй зүйл гэж үгүй юм. N2 болон N1 түвшинд бэлдэхийн тулд арай ахисан түвшинд бэлдэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Гэхдээ миний бие үргэлжлүүлэн эдгээр аргуудыг хэрэглэн суралцаж хүссэн түвшиндээ хүрэх 1 жилийн аяныг зарлаад байгаа билээ. Эмх цэгцтэй суралцахын тулд суурь буюу анхан шатны мэдлэгээ үсэгнээс эхлээд багштай сурсан нь дээр гэж бодож байна. Миний хувьд 10 жилдээ япон хэлний үсэгнүүдээ мэддэг болсон бөгөөд олон жил үргэлжлүүлээгүй тул мартсан зүйлсээ сэргээж үүн дээр үндэслэн доорх аргуудыг ашиглан зорилгоо биелүүлэхээр ажиллаж байна.
Тестийн ном болон түүнээс сурсан шинэ үгээр флаш карт хийсэн нь...
Уншлагын дасгалыг хийхдээ хуулж бичих нь гар зүгшрүүлэх дадлага болдог...
- Өөрийнхөө хаана байгааг тодорхойлон түвшиндээ тааруулан сайн дүрмийн болон ханзны мөн шалгалтын тестний номтой болох. Түүнийг чанартай ажиллаж дуусгах.
- Ухаалаг утсан дээрээ өөрийн түвшинд таарсан тестийн төрөл бүрийн аппликейшн татаж суулган фейсбүүк болон бусад сошиал нетворкын оронд ажиллах. Андройд болон Iphone аль нь дээр ч маш олон байдаг бөгөөд зарим нь зөвхөн онлайн үед ажилладаг мөн оффлайн үед ажилладаг апп байдаг тул шалгаж үзээд суулган зав гарвал түүн дээрээ ажиллаад байх нь маш үр дүнтэй байдаг.
- Ухаалаг утсаараа мөн видео хичээл үзэх, google translate болон бусад орчуулгын апп ашиглан орчуулж дуудлага болон утгыг мэдэх боломжтой. Зарим тохиолдолд буруу гарч ирдэг ихэвчлэн монгол хэл дээр орчуулахад, ийм үед ойр орчмын сайн мэддэг хүнээс баталгаажуулан асууж зөв цээжлэн тэмдэглэх нь чухал юм.
- Цээжлэх ханз болон шинэ үгийг дэвтэртээ олон удаа бичих нүдэнд харагдахуйц томоор бичиж хананд наах мөн флаш карт ашиглан цээжлэх нь үр дүнтэй.
- Өдөрт нэг постер чалленж зарлан тааралдсан зарлал, ном, үг ханз, тэмдэг тэмдэглэгээ зэргийг орчуулан цээжлэх. Энэ нь өдөр тутамд хэрэглэгдэх үгийг хурдан ойлгож сурахад дэм болно.
- Японд байдаг бол аль болох японоор япон хүмүүстэй ярилцах хамгийн гол нь ичихгүй байх зөвөөр эмх цэгцтэй ярих гэж мэрийлт гаргах нь чухал юм.
- Манга, анимэ унших япон хэлээр нь кино үзэх, дуу сонсоод орчуулах гэж оролдох. Өдөр тутмын ном сонин орчуулан унших нь мэдээлэл авангаа хэлээ сайжруулах нэг арга. Мөн япон мэдээ сонсох, сонсонгоо дагаж хэлэх нь дуудлага болон ярьж сурахад нөлөөтэй.
- Хамгийн гол нь өдөр бүр 30 минутаас 2 цагийг зөвхөн япон хэлээ сурахад гаргах хэрэгтэй. Хэрэв тэгж чадвал 6 сарын дотор түвшингээ хэрхэн ахиж байгааг мэдэх болно. Ажил болон хичээлтэй бол арай эрт босож сурах юмуу орой унтаж сурах хэрэгтэй.
- Япон улсын соёл, ёс заншил, уламжлалаар дамжуулан япон хэл сурах. Цагийн ажил болон үндсэн ажил хийх нь хэлний чадварыг сайжруулна.
- Гэртээ дэмий суваг сольж суухын оронд Netflix болон зурагтаар япон хэл дээр кино үзэх нь сонсгол сайжруулах үр дүнтэй арга болно.
- Мөн зөвхөн япон хэл сураад зогсохгүй бусад хэлтэй хамтад нь сурах ч үр дүнтэй байдаг. Жишээлбэл шинэ үгийн дэвтэр нээгээд багана болгон доош цувуулан эхний багананд ханзаар, дараагийн багананд хирагана дуудлагаар, гурав дах багананд монгол хэлээр тайлбарлан, дөрөв дэх багананд англи хэлээр гэх мэт үргэлжлүүлэн бичээд явах нь та өөрийн гэсэн хувийн толь бичигтэй болох боломжтойг харуулж байна. Мэдээж загвар хэлбэрийг та өөрийн сонирхолд тааруулан бичиж тэмдэглэж болно. Гол нь тууштай тухай бүрт тэмдэглэн бичиж явах хэрэгтэй.
Дүгнээд хэлбэл тууштай, тогтмол цагаар мэрийлт гарган ойр орчмоос байж болох бүхий л аргаар сурах гэж хичээх нь амжилттай япон хэл сурах суурь болох юм. Нэгэнт арга барилаа олон суралцаж эхэлсэн тохиолдолд улам илүү мэдэх, сурах хүсэлтэй болж үргэлжлүүлэн суралцдаг юм. Амжилт хүсэе. Хүн хийж эхэлсэн тохиолдолд тухайн ажлын 50%-ийг гүйцэтгэсэн байдаг ба бусад нь танаас шалтгаалах нь байна. Хэлийг нь сурчихсан тохиолдолд Япон улсад амьдрахад маш хялбар болж ирэх бөгөөд маш олон давуу талуудыг ашиглан амьдарч чадах болно. Мөн япон хүмүүс ч хичээл зүтгэл гарган мэрийж байгаа хүнд туслахдаа тун баяртай байдаг.
~~~Хийх. хийхгүй байх нь таны өөрийн сонголт бөгөөд харин таны амьдралд үзүүлэх нөлөөлөл нь асар их ялгаатай байх болно~~~